СКАЙтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд хүүхэд, нярайн ирээдүйг гэрэлтүүллээ

2024-02-05 Мэдээ мэдээлэл Онцлох Үйлчилгээ

Ирээдүй хойч үед тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулан ажилладаг СКАЙтел групп нийгмийн хариуцлагын хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийн эмч нартай хамтран “Хүүхэд-нярайн мэс заслын тусламжийг сайжруулах нь” сургалтыг 2 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа.

Нярайд үзүүлэх мэс заслын тусламжийн чанарыг сайжруулах, мэс заслын эмгэгтэй нярайн ирээдүйг гэрэлтүүлэх зорилготой энэхүү аяны хүрээнд ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын Тасгийн эрхлэгч, клиникийн профессор, зөвлөх эмч Л.Ганбаяр болон түүний баг бүрэлдэхүүн 20 гаруй хүүхдэд мэс засал хийж, 80 гаруй хүнд зөвлөмж үйлчилгээ үзүүлсэн юм.

Өнгөрсөн жилийн хувьд Өвөрхангай, Дундговь, Говьсүмбэр аймгийн нийт 552 мэргэшсэн эмч, эмнэлгийн ажилтныг хамруулсан бол энэ удаад Сүхбаатар аймгийн тэр дундаа алслагдсан сумдын 140 гаруй эмч, мэргэжилтнийг хамрууллаа.

Аяны хүрээнд энэ онд 2 аймаг сонгогдож, эхний аймаг дахь сургалт ийнхүү өндөрлөсөн бол 2-р сарын 23-наас 2-р сарын 25-ны хооронд Сэлэнгэ аймагт үргэлжлүүлэн ажиллах юм.

Мөн Скайтел групп нь Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд дуудлагын төвийн үйлчилгээг нэвтрүүлэн, найдвартай ажиллагааг ханган ажиллаж байна. Ингэснээр ЭХЭМҮТ-д ирэх дуудлагын ачаалал болон яаралтай дуудлага бүрийг алдахгүй байх боломжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Бидний ирээдүйг өнгөлөх бяцхан зүрх бүхний төлөө СКАЙтел групп цаашдаа илүү өргөн цар хүрээтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн ажиллах болно.